Hostel сонгохдоо анхаарах зүйлс
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Үүргэвчтэй аялагч нарын хамгийн их ашигладаг хямд хонох газар бол Hostel. Өөрийн жаахан туршлагаасаа Hostel-ийн талаар, сонгохдоо анхаарах зүйлс гэх мэтийг Hostel-д хонож үзээгүй эсвэл хямд өртөгөөр аялахыг хүссэн хүмүүст зориулав.

Миний хувьд www.hostelbookers.com сайт дээрээс хостелуудаа хайдаг. Яагаад гэвэл энэ booking fee нэмж авдаггүй юм.

Өөр ижил төрлийн үйлчилгээ явуулдаг сайт гэвэл www.hostelworld.com, гэхдээ энэ сайт нь бол booking fee нэмж авдаг.

Тийм учраас hostelbookers дээр тулгуурлан энэ сэдвээ илүү тайлбарлая.

Сайтруугаа ороод хайлтын хэсэг дээр очих гэж байгаа хотынхоо нэрийг, хэднээс хэдний хооронд хоноглох, хэдэн хүн гэдгээ оруулна.

Дараа нь хайлтын хэсгээс гарч ирсэн буудлуудаасаа сонгоно. Зүүн дээд булан sort гэсэн хэсгээс шүүлтүүр хийн хайж болно. Миний хувьд low to high price гэдгийг нь сонгодог. Үүнийг сонгонгуут хамгийн хямд ор, өрөөнүүд гарч ирдэг.

За одоо хамгийн гол зүйл. Сонголт хийхдээ юуг анхаарах вэ.

Үнэ бол маш чухал, дараа нь тухайн буудлын чинь байршил. Хичнээн хямд байлаа гээд тэр буудал чинь нилээн хотын төвөөсөө зайдуу байвал эргээд тээврийнхээ нааш цааш явах зардалд хэмнэсэн мөнгөө зарцуулах хэрэг гарна, бас дээрээс нь цаг их алдана. Аяллын үед аль болох бага хугацаанд их зүйл үзэх нь чухал, хэдий чинээ удна төдий чинээ мөнгө чинь үрэгдэнэ л гэсэн үг. Би буудлаа сонгохдоо тухайн газрын хамгийн их жуулчдын очдог гол үзмэрийг эсвэл хотын төв автобусны буудал, хотын төвийг төв цэгээ гэж багцаалан буудлын байршилаа сонгодог. Үүнээс гадна хэдий төвд байна төдий чинээ бусад буудлаасаа арай жаахан үнэтэй байдаг, хэдий хотын зайдуу байна төдий чинээ үнэ нь арай хямд байдаг нэг зүй тогтол байдгийг анзаарах хэрэгтэй. Заримдаа хотын төвийн хэсгүүдэд хямд нь ч бий л дээ.

За нэг буудал сонголоо гэж бодоё. Тухайн буудлын танилцуулга руу орлоо. Ороод хамгийн гол нь өрөөнүүдийн зургийг, танилцуулгыг, тухайн буудалд хоносон аялагчдын сэтгэгдэлийг, буудал чинь интернэттэй байна уу гэдгийг, өглөөний цай үнэндээ багтсан эсэхийг, баруун талд байх тухайн буудлын нийт ариун цэврийн байдал, аюулгүй байдал гэх мэт үнэлгээнүүдийн хувийг сайн анзаарах хэрэгтэй.

Жишээ нь нэг dorm өрөө хоногийн 8 евро байна гэж үзье. Тэрийг сонгоё гэтэл тэр өрөө чинь хэдэн ортой байна гэдгийг сайн анзаараарай, бас дан эрчүүдийнх байна уу, дан эмэгтэйчүүдийнх байна уу, эсвэл холимог байна уу гэдгийг захиалахаасаа өмнө сайн хараарай. Зарим эмэгтэйчүүд холимог өрөөнд орох дургүй байдаг. Dorm өрөө нь миний мэдхээр хамгийн багадаа 4 ортойгоос 24 ортой хүртэл байсан. 40 ортой хүртэл байдгийг сонсож байсан. Энгийнээр тайлбарлавал нэг өрөөнд маш олон ортой өрөө гэсэн үг. Аялагчид голдуу тав тух гэхээс илүү унтах гэж л, мөнгөө хэмнэх гэж ийм өрөөнд ордог.

Европын орнуудад ер нь иймэрхүү өрөө үнэтэй. Одоогоор надад европт тааралдсан хамгийн хямд нь гэвэл Праг хотод 4 еврогийнх байсан. Франц, Италид бол ер нь үнэтэй шүү. Зүүн европоор бол арай хямд. Зүүн өмнөд азиар бол бүр хямд.

Буудлаа сонгохдоо аялагчдын үнэлгээ, сэтгэгдэлийг (review) анхааралтай уншаарай. Аялагчид тухайн буудлаас таалагдсан, таалагдаагүй зүйл гэдгийг бүгдийг бичсэн, тэр дотроос таалагдаагүй зүйлсийг түлхүү анхааралтай уншаарай. Зарим хостелууд үнэ хямд мөртлөө интернэт нь төлбөртэй, өглөөний цайгүй, интернэт нь удаан, шүршүүр нь халуун усгүй, цүнх эд зүйлсээ хадгалах шүүгээгүй, өрөө нь ганцхан түлхүүртэй, агааржуулагчгүй, өглөөний цай нь төлбөртэй, цагаан хэрэглэлгүй, буудлын хүлээн авах эелдэг бус, нөхөрсөг бус гээд олон зүйлс байдгийг санах. Эдгээр үзүүлэлтүүдээс хамгийн чухал нь миний хувьд интернэт, аюулгүй байдал, буудлын ажилтаны нөхөрсөг байдал. Интернэт бол гадаадад аялж яваа хүнд бараг ус, агаар л гэсэн үг.

Хүмүүс тухайн хотдоо очоод юу үзэх вэ гэдэг, хаашаа очих вэ, хаана очиж хооллох вэ гэж боддог. Хэрэв буудлын ажилтан нөхөрсөг эелдэг бол бүгдийг нь сайхан тайлбарлаад өгнө. Буудал болгон тухайн хотын үнэгүй газрын зурагтай байдаг. Тэрхүү зурган дээрээ сайхан тайлбарлаад өгдөг. Хаана хамгийн хямд хоол, хямд уух юмтай газар байдаг гээд л. Хаашаа яаж явах вэ гэх мэтчилэн аргуудыг хэлж өгнө.

Зарим хостелууд бүр томоохон сүлжээтэй компани байдаг. Жишээ нь Generator.

Маш олон хотуудад сүлжээ хостелуудтай, тохилог.

Бүр 3 өрөө байрыг хостел болгоод ажиллуулж байгаа ч хүн байгаа. Гол нь hostelbookers сайтаас тухайн буудлынхаа мэдээллийг сайн уншиж, сонголтоо хийгээд, төлбөрөө төлөөрэй. Төлбөрөө төлөхийн тулд олон улсын карт хэрэгтэй. Сайт дээр тухайн буудлын зөвхөн барьцаа урьдчилгаа болох нийт үнийн дүнгийн 13 орчим хувийг төлдөг. Үлдсэнийг нь буудалдаа тэр өдрөө очоод төлнө.

Хэрэв буудал чинь хувийн үнэтэй эд зүйлс хадгалах, найдвартай цоожтой шүүгээ байхгүй бол биедээ авч явж байсан нь дээр. Бусдаар бол европт хувцас, гутал энэ тэрийг бол хулгайлна гэж нэг их байхгүй. Гэхдээ анхаарал болгоомжтой бай, та гадаадад яваа шүү гэдгээ үргэлж санаж байгаарай, хэт их тайвширч болохгүй, бас нөгөө талаар хэт их юм болгонд санаа зовоод аяллын таашаал гэдгээ авч чадахгүй байгаад байж болохгүй шүү. Ер нь хувийн нэг цоожтой байхад зүгээр. Гол нь аялагчдын үнэлгээ, сэтгэгдэлийг сайн унш. Зарим аялагчид юмаа алдсан бол тэрийг сэтгэгдэл дээр бичсэн байдаг. Уншиж байхад таалагдахгүй байвал дараагийн өөр хямд буудлуудыг сонирхоод үзэх хэрэгтэй. Сонголт үргэлж байдаг. Буудлууд ер нь алга болсон эд зүйлст хариуцлага хүлээхгүй гээд анхааруулах бичиг тависан байдаг. Мэдээж сайн зохион байгуулалттай, сайхан газрууд зөндөө. Тийм учраас сайн унш, судал.

Ихэнх буудлууд check out хийх цаг нь өглөөний 11 цаг хүртэл байдаг. Угаасаа очингуут хүлээн авах нь сайхан тайлбарлаад өгнө, асуух зүйл байвал нэрэлхэлгүй асуух хэрэгтэй.

Өө нээрээ hostelbookers сайт дээр бас тухайн буудал нь хэр их алдартай вэ, жуулчид их очдог, хэр үнэлгээ сайтай вэ гэсэн нэгдсэн үнэлгээний хувь (rating) гэж байгаа тэрийг бас сайн анзаараарай.

Hostel гэдэг дан dorm өрөөнүүдийг санал болгодоггүй, өөр үнэтэй тав тухтай өрөөнүүд ч байдаг.

Өөр хямд хонох газрууд гэвэл airbnb, couchsurfing…

Эх сурвалж: https://otgonbat2016mongolia.wordpress.com/

MENSLIFE.MN Facebook
Hostel сонгохдоо анхаарах зүйлс
Hostel сонгохдоо анхаарах зүйлс
Таны IP address: 3.145.51.94
ULAANBAATAR WEATHER
Top