Федор Емельяненко: Хувийн амьдрал, улс төр, сүсэг бишрэл, бэлтгэл
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Федор Емельяненко бол спортын өндөр амжилтаараа олны танил болсон нэгэн билээ. Тэрээр ухаалаг зан чанартай олон нийтэд нээлттэй байдаг мөн тэдэнд хандсан олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

Федор Емельяненко мэргэжлийн тулааны спортод 41 тулаан хийхдээ ердөө 4-хөн ялагдал хүлээсэн агуу тулаанч бөгөөд төр засгаасаа хүртэж болох бүх л алдар хүнд цол хэргэмийг өөрийн болгож чадсан нэгэн.

Хувийн товч намтар: түүний бага нас, гэр бүл

Фёдор Емельяненко 1976 оны 9 сард Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Украйны Луганск мужийн Рубежное хотод мэндэлжээ. Хэдийгээр түүний зүрх сэтгэл Украйнтайгаа холбоотой байдаг боловч өөрийгөө орос үндэстэн гэж үздэг байна. Түүнийг төрсөнөөс хэдэн жилийн дараа түүний гэр бүл Оросын Белгород мужийн Старый Оскол хэмээх жижигхэн хотод нүүн ирж суурьшсан ба тэрээр энэ хотод аж төрж бэлтгэлээ өдөр болгон хийж бүр алдрын оргилд хүрсэн үедээ ч эндээс холдоогүй юм.

Фёдорын гэр бүл хэзээ ч чинээлэг айл байгаагүй бөгөөд аав нь гагнуурчин харин ээж нь сургуулийн багш байлаа. Энэхүү хангалуун бус амьдрал нь Федорыг мэргэжлийн тулаан руу орохоос аргагүй болгосон юм.

Тэрээр 10 настайдаа сонирхлоороо самбо болон жүдогийн дугуйланд явж эхэлжээ. Үеийнхэн дундаа хүчний болон техникийн үзүүлэлтээр ялгарах юмгүй байсан боловч уйгагүй хөдөлмөр тууштай байдлын үр дүн нь түүний амжилт байлаа. Тамирчин маань бэлтгэлээр амьсгалж амьдарсан ба дүү Александраа ч байнга дасгалжуулж багшилдаг байлаа.

Федор Емельяненко багадаа

Спортын сонирхол нь түүнд амжилттай сайн суралцахад нь ч саад болоогүй юм. Сургуулиа төгсөөд мань эр техник мэрэгжлийн сургуульд элсэн орж цахилгаанчины мэргэжлээр улаан дипломтой төгссөн байна. Дараа нь амьдрал түүнийг армид алба хаах замаар хөтөлсөн ба тэндээ өөрийн сонирхлоо гээлгүй хичээллэсээр байж.

Цэргээс халагдахдаа тэрбээр жүдо самбын орос улсын мастер цол хүртсэн ба энэхүү сонирхол нь үр жимсээ өгч эхэлжээ.

Харамсалтай нь 90-ээд оны үед хуулийн дагуу мөнгө олж амьдрах аргагүй үе байсан ба Федор ММА холбоонд орж мэргэжлийн тулааны замаар явахаас өөр сонголт үлдээгүй юм. Түүний анхны гэрээ «Рингс» байгууллагатай байгуулсан гэрээ байсан ба 2001 онд аварга болж байлаа.

2003 онд Фёдор Белгородын Улсын Их Сургуулийг дүүргэсэн ба энэ сургуульдаа аспирантурт мөн сурчээ. Их сургуульд суралцах нь түүний амжилтанд ердөө нөлөөлөөгүй ба «Рингс»-д гаргасан амжилт нь «Прайд»-дын тэмцээнд оролцох урилгыг түүнд өгсөн ба энэхүү холбоонд тэрээр карьерынхаа шилдэг тулаануудыг үзүүлсэн юм.

Торон доторх тулааны хэд хэдэн ялагдлаас болоод Фёдор өөрийн карьертаа цэг тавихаар төлөвлөсөн байсан боловч сүүлийн хэдэн тулааны ялалт түүнд урам өгч өнөөдрийг хүртэл дуртай ажлаа хийсээр байна.

Федор Емельяненкогийн хувийн амьдрал

Фёдор Емельяненко бусдаас зөвхөн спортын амжилтаараа ялгараад байдаггүй мөн давтагдашгүй онцлогтой амьралын түүхээрээ ялгадраг нэгэн.

Түүний хайрын түүх анхны эхнэр Оксанатай хүүхэд ахуйдаа спортын тэмцээн дээр дайралдаж эхэлжээ. Зуслангийн пионер Оксана түүний ирээдүйн эхнэр болохоо төсөөлөө ч үгүй байж.

Энэ хосын бат бэх үнэнч байдал нь үгээр биш үйлдлээрээ холбогддог байлаа. Оксана түүнийг цэргээс халагдахыг нь хүлээсээр байсан ба түүнд Маша нэртэй охин төрүүлж өгчээ. Фёдор ярилцлага өгөхдөө хэзээ ч гэр бүлийнхээ тухай ам нээдэггүй байсан ба спортын карьер хувийн амьдралаа тусaд нь байлгадаг байв.

Байнга аялж байдаг энгийн бус амьралын хэв маяг, шүтэн бишрэгчид, сэтгүүлчдийн байнгын асуултууд хосуудын цаашдын амьдралд нөлөөлсөн ба тэд 2006 онд хоёр тийшээ болжээ. Энэ тухай Фёдор ямар нэг тайлбар өгөөгүй ба Марина гэдэг бүсгүйтэй нийлжээ. Марина түүний нууц амраг нь байсан уу үгүй юу гэдэг асуулт өнөөдрийг хүртэл нууц хэвээр үлдсэн бөгөөд энэ бүсгүй түүнд Василис, Елизавет нэртэй хоёр охин төрүүлж өгчээ.

2009 онд гэрлэсэн энэхүү гэрлэлт 2013 оны дунд үеэр үл мэдэгдэх шалтгаанаар төгсгөл болж Фёдор анхны гэргий Оксана дээрээ эргэн ирж 2014 онд сүмд гэрлэлтээ батлуулсан юм.

Сэтгүүлчид энэхүү хувийн амьралынх нь үйл явдлын талаар түүний ойр дотны хүмүүсээс олж мэдэхийг ихээхэн чармайсан боловч өнөөдрийг хүртэл оньсого хэвээр үлджээ.

Фёдор өөрийгөө олон хүүхэдтэй, амьдралын ямарч хүнд үед түших хүнтэй азтай нэгэнд тооцдог ба Оксанагийн уучлал нь түүнд том хүндлэл болсон юм.

Федор Емельяненко ба Нэгдсэн Орос нам

Фёдор алсын хараатайгаар их сургуулийн аспирантур дүүргэсэн нь улс төрийн карьераа эхлүүлэх эхний шаардлагыг хангасан юм.

2003 онд Фёдор "Нэгдсэн Орос" намын албан ёсны гишүүн болсон ба Орос улсын гол улс төрчидтэй ойртож нөхөрлөсөн юм.

Фёдорын зорилго бол: Хүүхэд залуусын дунд спортыг дэлгэрүүлж хөгжүүлэх,энэ чиглэлээр олон байгууллага бий болгож одоогийн бүтэцийг шинэчлэх.

Мөрийн хөтөлбөрөөрөө Фёдор Белгород мужийхнаа их хурлын гишүүн болсон бөгөөд иргэдийн амьдралыг сайжруулах амлалт өгсөн юм. Түүний спортын салбар дахь үйл ажиллагаа нь тулааны урлаг амьдралын эрүүл хэв маягийг залуусын дунд түгээн дэлгэрүүлсэн юм.

Фёдор Емельяненко залуучуудын төдийгүй бүх үеийнхэний дунд үлгэр дуурайлал болсон юм. Ийм байр суурь нөлөө нь улс төрийн дээд түвшинд үнэлэгдэж 2012 онд спортын сайдын зөвлөх болжээ.

Федор Емельяненко ба үнэн алдартны шашин

Фёдор залуугаасаа л сүсэгтэй итгэгч нэгэн байлаа. Сайн хүмүүжил, амжилтын төлөөх эрмэлзэл, өөрийгөө хянах чадвар гэх мэт сайн чанарууд, тулааны ялалтуудыг нь олон нийт хүндэтгэлтэйгээр хүлээн авдаг билээ.

Итгэгч сүсэгтэн хүн ийм спортоор хичээллэж болж байна уу? гэсэн асуултанд тэрбээр хариулахдаа би хэзээ ч зодолдох гэж эсвэл сөрөг хандлага тээж тулалдаггүй хэмээн хариулдаг.

ММА-ийн карьертаа Фёдор нэг ч удаа өрсөлдөгчдөө зүй бус хандлага гаргаж байгаагүй аж. Тэрээр хүн болгоныг хүндэлж харьцдаг ба түүний титэмүүд дунд өөрийгөө дөвийлгөсөн ялалт нэг ч үгүй юм.

Тэрээр номын багштай ба тэрээр хүүхэд байхаасаа л очдог байжээ. Яг энэ л сүмд тэр тахилчтай хувийн амьдралаа ярьж асуудлуудаа хэлж сэтгэлээ нээдэг ажээ. Хувийн хамгийн чухал асуудлуудаа тэрээр Бурханд хандаж шийддэг аж. Анхны эхнэр дээрээ эргэж ирэхдээ Оксанатайгаа холбоогоо Бурханы өмнө батлуулж энэ итгэгч хүний хувьд гэрчилгээн дээрх үсэгнүүдээс илүү утга агуулгатай юм гэж үзжээ.

Фёдор итгэл үнэмшилээ хэзээ ч бусдад тулгаж байгаагүй ба сүсэг бишрэл нь хүний өрийнх нь сонголт гэж үздэг. Хүн амьдралынхаа аль ч үе дээрээ Бурхан руу хандаж болох ба Фёдорын хувьд Бурханд итгэх итгэл л түүнд мэргэжлийн карьер дахь ялагдлаа даван гарч дэвжээн дээр эргэн ирэхэд нь тусалсан юм.

Фёдорын бэлтгэл

Шүтэн бишрэгчидийнх нь дунд байдаг хамгийн түгээмэл асуулт бол Фёдор Емельяненкогийн бэлтгэл. Фёдор бол өрсөлдөгчийнхөө эсрэг хэвтээ болон босоо байрлалд аль алинд нь тулалддаг цөөн хэдэн тамирчидын нэг юм. Хоол тэжээлд тэрээр нэг их анхаарал тавьдаггүй ба хүссэнээ идэж өөрийгөө хязгаарладаггүй. Ямар нэгэн нэмэлт эм бэлдмэл огт хэрэглэдэггүй ба сэргээшийн тал дээр тулааны өмнө шалган тогтоодог нь ойлгомжтой.

Фёдорын нууц- Сайн боловсруулсан чадварлаг самбо, жүдо, боксын холимог чадвар нь түүнийг төгс тулаанч болгодог. Бэлтгэлийг өдөр болгон хийдэг ба ачаалал нь өрсөлдөгчөөсөө болон бусад дотоод хүчин зүйлээс шалтгаалж янз бүр байдаг ба зарим тохиолдолд өдөрт гурван удаа бэлтгэлд гардаг байна. Өдөр болгон 15 километрийн гүйлтэнд гардаг ба дараа нь турник, гуалин модтой бэлтгэл, гар дээр суниалт мөн тулаанчийн тэсвэрийг нэмэгдүүлэх хүч шавхсан дасгалууд байдаг аж.

Шаргуу хөдөлмөрч зан чанар зорилгодоо тууштай байдал нь Фёдорт эдгээр амжилтуудыг авчирсан юм. Дотны хүмүүсийн дэмжлэг,Бурханд итгэх итгэл, хүчирхэг зан төлөв нь энэхүү тулаанчыг манай цаг үеийн хамгийн агуу тулаанчдын нэг болгосон юм.

Федор Емельяненкогийн бичлэгүүд

Агуу нокаутууд

Федор Емельяненкогийн тухай кино 2015

Бэлтгэл 2016

Федор Емельяненкогийн хэлсэн үгс

Эцэг Бурхан хамгийн адгийн хулгайчийн ч хамгийн муу нүгэлтний ч хүн чанарыг сэрээж чадна, намайг ч гэсэн адил.

Би хэзээ ч америкын кинон дээр гардаг баатрууд шиг болохыг хүсэж байгаагүй. Манай залуу үеийнхэний үзэж өсөж байгаа зүйлүүд надад таалагдахгүй л байна. Энэ бол зөв зам биш шүү. Зохиомол биш бодит баатрууд бий шүү дээ Александр Невский, Дмитрий Донской, Пересвет гэх мэт. Энэ агуу баатруудыг л дууриах хэрэгтэй.

Эх орон бол яг л ээж хүн шиг. Эх орныг зүгээр байгаагийнх нь төлөө л хайрлах хэрэгтэй. Бидний ээжүүд хааяа өвддөг шиг улс оронд янз бүрийн л зүйл тохиолдож болно шүү дээ.

Сул тал надад байдаг гэхдээ тэр тухай номлолын үед л би ярьдаг.

Хорон мууд бүү эрх мэдэл өг. Хэрэв чиний дэргэд тэр байвал хутгалдах л болно. Мууг зогсоохын тулд хүч хэрэглэхээс өөр замгүй болдог тийм ч учраас би эхлээд үг хэлээрээ ая эвийг нь олохыг хичээдэг.

Би энгийн хүмүүс шиг л амьдрахыг хичээдэг. Тулаанч хүн өөрийгөө агуу гэж бодож эхэлмэгц тэр ялагдаж байгаа нь тэр.

MENSLIFE.MN Facebook
Федор Емельяненко: Хувийн амьдрал, улс төр, сүсэг бишрэл, бэлтгэл
Федор Емельяненко: Хувийн амьдрал, улс төр, сүсэг бишрэл, бэлтгэл
Таны IP address: 3.142.210.14
ULAANBAATAR WEATHER
Top